Бусдын хил хязгаарыг хэрхэн давахгүй байх вэ?

10/27/2025

Хэн нэгний “үгүй” гэж хэлсэн хариулт танд эвгүй санагдаж байсан уу? Эсвэл өөрөө “болохгүй” гэж хэлж чадахгүйгээс болж ядрах мэдрэмж төрдөг үү? Энэ бол хил хязгаарын асуудал. Хил хязгаар гэдэг нь хүний биет болон сэтгэл зүйн аюулгүй байдлыг хадгалах, өөрийгөө хамгаалах шугам юм. Бусдын хил хязгаарыг зөрчвөл тэдний аюулгүйн бүсийг алдагдуулахаас гадна хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

Хил хязгаар гэж юу вэ?

Сэтгэл зүйн хил хязгаар нь хүний өөрийн орон зайгаа хамгаалах мэдрэмж бөгөөд тухайн хүний аюулгүй, тайван байдал, шийдвэр гаргах эрхтэй шууд холбоотой. Нииа Браун (2017)-ийн тодорхойлсноор, хил хязгаар гэдэг бусдаас өөрийгөө салгаж, дотоод эрх чөлөөгөө хадгалах “сэтгэл зүйн бүс” юм. Хүний хүсэл, бодол, орон зай, цаг хугацаанд зөвшөөрөлгүй халдах нь түүнийг аюулгүй бус гэж мэдрэхэд хүргэдэг. Ингэснээр стресс, уур бухимдалд хүргэж, харилцаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хил хязгаарыг зөрчиж байгааг илтгэх шинжүүд:

  • Бусдын цаг, шийдвэр, бие даасан байдлыг үл тоомсорлох
  • “Би чамайг л сайн мэднэ” гэх байдлаар тэдний оронд сонголт хийх
  • Тэдний сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөхгүй байх, үгүйсгэх зэргээр анзаарч болно.

Харилцаанд бусдын хил хязгаарыг хүндэтгэх нь тухайн хүний өөрийн хил хязгаараа зөв зохицуулах чадвараас шууд хамаардаг (Colaiacovo et al, 2025). Өөрийн хил хязгаараа тодорхойлж, хамгаалж чаддаг хүн бусдын хил хязгаарыг ч адилхан хүндэтгэж чаддаг. Энэ бол өөрийгөө хайрлаж, өөрийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч буйн илрэл. Хил хязгаараа тавьж сурах нь бусдаас холдох тухай биш, харин эрүүл харилцааны үндсийг тавих алхам билээ. Ийм учраас бусдын хил хязгаарыг хүндэтгэхийн тулд эхлээд өөрийн хил хязгаарыг эрүүлээр тогтоож сурах нь зайлшгүй чухал. 

Kiliç, Uzun & Yilmaz (2019) нар сэтгэл зүйн хил хязгаар ба харилцааны хэв маяг хоорондын уялдааг судалжээ. Судалгааны үр дүнгээс харахад, хил хязгаараа тодорхой буюу эрүүлээр тавьж чаддаг хүмүүс бусадтай илүү тэнцвэртэй, эрүүл харилцаа тогтоодог болохыг тогтоосон байна. Харин хил хязгаараа сул тавьдаг хүмүүсийн хувьд бусдын хүсэлтийг татгалзаж чаддаггүй эсвэл эсрэгээрээ бусдыг хэт хянах хандлагатай байдаг нь харилцаанд үл ойлголцол, зөрчил үүсгэх нэгэн хүчин зүйл болж байгааг харуулжээ. Энэ нь өөрийн хил хязгаараа хамгаалж сурах нь зөвхөн өөрийгөө хамгаалах төдийгүй бусдыг ч илүү ойлгож, тэдний хил хязгаарыг хүндэтгэх чадвартай болох суурь нөхцөл болохыг харуулж байна. 

Хил хязгаарын төрөл 

    Хүмүүсийн хил хязгаар нь зөвхөн тэдний бие махбодын орон зай биш, сэтгэл зүй, цаг хугацаа, эрч хүч, мэдээлэл хуваалцах эрхийг ч багтаадаг. Сэтгэл судлаачид хил хязгаарыг дараах байдлаар ангилжээ:

1.Бие махбодын хил хязгаар - Жишээ нь, хэн нэгэн таны зөвшөөрөлгүйгээр таныг тэврэх, эд зүйлсийг тань дураараа ашиглах нь хил хязгаарыг зөрчиж буй хэрэг.

2.Сэтгэл хөдлөлийн хил хязгаар - Өөрийн мэдрэмжийг бусдын мэдрэмжээс ялгаж таних. Өөрийнхөө уур бухимдал, гунигийг бусдад “даатгахгүй”, мөн бусдын мэдрэмжийг өөрийнх мэт хэт үүрэхгүй байх.

3.Сэтгэл зүйн/оюуны хил хязгаар - Өөрийн үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалах. Бусдын саналын зөрүүг хүндэтгэх ч өөрийн байр сууриа хадгалж чаддаг байх.

4.Цаг хугацааны хил хязгаар – Амралт болон хувийн цагаа хамгаалах. Жишээ нь, оройн цагаар ажлын и-мэйлд хариу өгөхгүй байх нь эрүүл хил тогтоосны илрэл.

5.Нийгмийн хил хязгаар - Хэнтэй, ямар харилцаа тогтоохоо өөрөө сонгох. Бид хувийн мэдээллээ хэнтэй хуваалцахаа шийдэх эрхтэй.

Хэрэв бид бусдын хил хязгаарыг үл тоомсорлож, тулгах, шахах юм бол харилцаанд үл ойлголцол, стресс үүсдэг. Тэгэхээр бусдын хил хязгаарыг хүндэтгэх хэд хэдэн үндсэн аргыг авч үзье:

Үгүй гэж хэлж байгааг хүлээж авах. Хүмүүс таны хүсэлтэд “үгүй” гэж хэлж магадгүй гэдгийг ойлгох нь чухал. Энэ нь хувь хүний эрхээ хамгаалж байгаагийн илрэл бөгөөд таны хувийн харилцаанд буруутгах зүйл биш юм.

  • Хүний хувийн орон зайг хүндэтгэх. Бусдын хувийн амралт, цагийн төлөвлөгөө, сэтгэл зүйн байдлыг хүндэтгэх. Жишээ нь, хэн нэгэн амарч байхад нь гэнэт утасдах эсвэл ажил ярихгүй байхад анхаарах.
  • Сонсож, ойлгохыг хичээх. Бусдын хүсэлт, зөвлөмжийг буруутгалгүй, тайван хүлээн авч сурах.
  • Буруутгахгүйгээр хүлээн зөвшөөрөх. Хүмүүс “үгүй” гэж хэлэхэд гомдоллох бус, харин тэдний шийдвэрийг ойлгож хүлээн авах. Энэ нь харилцаанд эерэг хандлага, итгэлцлийг бий болгодог.

Эрүүл харилцааны суурь нөхцөл

Харилцаа гэдэг хоёр талын хоорондын итгэл, ойлголцолд тулгуурлаж оршдог. Хэрэв нэг тал нөгөөгийнхөө хил хязгаарыг үл хүндэтгэж байвал, тухайн хүн өөрийгөө үнэ цэнгүй, үл тоомсорлогдсон мэтээр мэдэрч эхэлдэг. Ингэж үл тоомсорлогдсон мэдрэмж удаан үргэлжлэх тусам бухимдал дотроо хуримтлагдаж, харилцаанд итгэл алдагдана. Энэ үед хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд зайгаа барих эсвэл эсрэгээрээ хүчтэй маргаан үүсгэх хандлагатай болдог. Ийнхүү хүндэтгэлгүй байдал давтагдсаар байвал харилцаа аажмаар сулран, итгэлцэл үгүй болж, эцэстээ тогтвортой орших боломжгүй болох юм.

Хил хязгаарыг хүндэтгэнэ гэдэг нь хүн бүрийн хэрэгцээ, орон зайг зөвшөөрч байна гэсэн үг. Энэ тохиолдолд хүмүүс илүү тайван, чөлөөтэй харилцаж, дотоод ертөнцөө хуваалцахад аюулгүй санагддаг. Жинхэнэ дотно байдал нь хязгааргүй эрх чөлөөнд бус, харин бие биеийн орон зайг хүлээн зөвшөөрөхөд оршдог. Тэгэхээр хил хязгаарыг тавина гэдэг бусдаас холдох гэсэн үг биш харин өөрийнхөө орон зайг хамгаалж, харилцааг эрүүл байлгах арга юм. 

Эх сурвалжууд: 

  • Brown, N. (2017). Children of the Self-Absorbed: A Grown-Up's Guide to Getting Over Narcissistic Parents (2nd ed.). New Harbinger Publications.

Нийтлэлийг бичсэн: Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн