Мэргэжил сонголтын эргэлзээгээ тайлах нь

10/20/2025

“Надад ямар мэргэжил сайн тохирох вэ?”, “Би яг ямар мэргэжилтэй болохыг хүсэж байна вэ?” гэх асуултуудыг өөрөөсөө асууж үзээгүй хүн ховор биз ээ. Ялангуяа ахлах ангийн сурагчид, эсвэл дөнгөж их, дээд сургуульд элсэх гэж буй залуусын дунд мэргэжил сонголт нь хамгийн их эргэлзээ дагуулсан асуудлуудын нэг байдаг.

Эргэлзээ үүсэх шалтгаан

Мэргэжил сонгоход эргэлзээ төрөх нь энгийн зүйл. Энэ нь хүн өөрийн ирээдүйг ухамсартайгаар, нухацтайгаар төлөвлөж буйн шинж. Гэсэн хэдий ч хэт олон сонголт, гэр бүлийн хүлээлт, нийгмийн шахалт зэрэг нь эргэлзээг улам бүр ихэсгэдэг. Сэтгэл судлаач Жон Криэй “Мэргэжил сонголтод нөлөөлдөг санамсаргүй, урьдчилан тооцоогүй үйл явдлууд нь хүмүүсийг шинэ зам руу чиглүүлж чаддаг” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүх зүйлд бэлэн болсон хойно шийдвэр гаргах биш, туршиж үзэх явцдаа өөрийгөө нээж болдог гэсэн санаа юм.

Сэтгэл зүйн судалгаа юу хэлдэг вэ?

Сэтгэл судлалын судалгаагаар өөрийн сонирхол, үнэт зүйлс, давуу болон сул талаа тодорхой ойлгож, өөрийгөө таних нь мэргэжлийн шийдвэр гаргахад хамгийн чухал хүчин зүйл болохыг тогтоожээ. Gati & Asher (2001) нарын судалгаанд, мэргэжлээ хараахан сонгож чадаагүй хүмүүсийн дунд өөрийн сонирхол, чадвараа мэдэхгүй байдал хамгийн түгээмэл асуудал байсан гэж дүгнэсэн байна. Энэ нь “Би яг юунд тохирох вэ?” гэсэн асуултын хариуг олоогүй байгаатай холбоотой. Тэгвэл эргэлзээгээ тайлахад туслах энгийн дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

1.Өөрийгөө танихад туслах асуултууд өөртөө тавих 

  • Би юунд дуртай вэ?
  • Юу хийж байхад цаг хугацаа хурдан өнгөрж байгаа юм шиг санагддаг вэ?
  • Ямар орчинд байхад би тухтай, сэтгэл хангалуун байдаг вэ?

2.Мэргэжлийнх нь хүнээс асууж лавлах

Сонирхсон мэргэжлийнхээ чиглэлээр мэргэжлийн хүнээс нь тухайн ажил, мэргэжлийн давуу болон сул тал, ажлын өдөр нь хэрхэн өнгөрдөг зэргийг асууж лавлах нь сонирхож буй мэргэжлийнхээ талаар илүү гүн гүнзгий ойлголттой болоход тусалдаг.

3.Мэргэжлийн тест бөглөж үзэх 

Хувийн зан чанар, сонирхол, авьяасыг тодорхойлдог баталгаатай тестүүд (RIASEC гэх мэт) таны хандлагад тохирсон мэргэжлийг санал болгож чадна. Энэхүү аппликейшнаар ч мөн та мэргэжлийн сонирхлоо тодорхойлох тест бөглөх боломжтой. 

4.Туршиж үзэх замаар суралцах 

Зарим хүн уншиж судлахаас илүүтэй туршлагаар өөрийгөө ойлгодог. Сайн дурын ажил, дадлага, төслүүдэд оролцсоноор өөрийн чадвар, сонирхлыг илүү сайн ойлгож таньдаг.

Мэргэжил бол зүгээр нэг ажил биш, таны амьдралын утга учир, сэтгэл ханамжтай байх эсэхтэй холбоотой чухал сонголт байдаг. Тиймээс эргэлзэж байгаа бол өөрийгөө буруутгах хэрэггүй. Харин ч эргэлзээний ард өөрийгөө таних зам нуугдаж байж болох юм шүү.

Эх сурвалжууд:

  • Gati, I., & Asher, I. (2001). Prescreening, In-Depth Exploration, and Choice: From Decision Theory to Career Counseling Practice. The Career Development Quarterly, 50(2), 140–157. DOI: https://doi.org/10.1002/j.2161-0045.2001.tb00979.x

Нийтлэлийг бичсэн: Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн