AI-г хэрхэн үр дүнтэй ашиглах тухай багш, сурагчдын зөвлөмж
05/06/2025AI хэрэгслийг өөрийн хэрэгцээнд тохируулан ашиглах зөвлөмж, стратегиуд

Хүчирхэг хиймэл оюун ухааны (GenAI) хэрэгслүүд нь хүнтэй адил хариултыг хурдан олох чадвартай учраас зарим багш нарт сорилт учруулж байна. Оюутнууд чатботуудыг ашиглан даалгаврын хариултыг хурдан олж, бүтэн эссээ бичих боломжтой болсон нь сургалтын үйл явцыг сулруулж байгаа талаарх санаа зовнил ихээр тархсан. Эдгээр шинэ хэрэгслүүдийн нээлт нь Харвардын Боловсролын Дээд Сургуулийн "Бүтээлч Тооцооллын Лаборатори"-ын захирал, профессор Карен Бреннаны санаанд "карман тооны машиний" нээлтээс хойш дэгдсэн "ёс суртахууны паник"-ыг дурсаж, энэ нь боловсролын салбарт шинэчлэлт хийх цаг болсныг дурьджээ.
"10 жилийн болон дээд боловсролын түвшинд AI-ийн талаарх түгшүүр, түүнийг буруугаар ашиглах эрсдэл нь бид сурагчдаа утга учиртай даалгавар даалгахгүй байгаатай холбоотой. Хэрэв машин үүнийг хийж чадах юм бол, ямар ч насны сурагчдаас үүнийг хийхийг шаардах нь ямар утгатай юм бэ?" гэж Бреннан саяхны ярилцлагадаа тайлбарласан.
Бреннан, Паулина Хадуонг, Авантика Коллуру, Салли Яо, Жейкоб Вольф нарын хамтарсан шинэ гарын авлага
Энэхүү гарын авлагыг боловсруулахаар Харвардын AI-г ашиглаж байсан туршлага бүхий 27 оюутан болон тэдний материалыг шалгасан 7 багшийг оролцуулсан байна. Гарын авлага нь оюутнуудын бие даасан байдал, шүүмжит сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадваруудыг AI ашиглан хэрхэн хөгжүүлэх болон шинэ технологийн авчирч буй боломж болон бэрхшээлүүдийг тусгаж, түүнийг ашиглахдаа санаж байх зөвлөмж, стратегиудыг санал болгож байна.
Ерөнхий зөвлөмж:
1) AI-г хэрэглэхдээ үр дагаврыг тунгаан бод.
Шинэ AI хэрэгслүүдийг ашиглахдаа тэдгээрийн “хязгаарлалт, боломжит хор нөлөөг” анхаарч, ухамсар, зорилготой хандах хэрэгтэй. Хор нөлөөт зүйлсэд:
- худал мэдээлэл үүсгэх хандлага
- байгаль орчинд үзүүлэх нөлөө
- хүртээмжгүй байдал
- алгоритмын ялгаварлал багтана
2) Суралцах явц ба “жинхэнэ дуу хоолой”-г хамгаал.
AI-г үзэл бодол, хичээл зүтгэлийг орлох бус дэмжих хэрэгсэл гэж үзэхийг зөвлөж байна. Судалгаанд оролцсон оюутнууд AI-г сурах нэг хэрэгсэл болгож ашигладаг ч, бүтээлдээ өөрсдийн үзэл бодол, дуу хоолойг шингээх нь чухал гэдгийг онцолсон. AI нь танин мэдэхүйн ачааллыг багасгаж, илүү чухал сонирхолтой хэсэгт төвлөрөх боломж олгодог гэдгийг дурьдсан.
3) Туршиж, оролдож үз.
Багш, оюутнууд AI хэрэгслүүдтэй чөлөөтэй туршиж үзэхийг зөвлөж байна. Зарим нь AI-г эсрэг байр суурь баригч болгон ашиглан өөрсдийн үзэл бодлын бат бөх байдлыг шалгахад тустай байдаг гэсэн.
4) Багш нар: “Яагаад” гэдгээ тайлбарлаж, хамт суралц.
AI-г хориглохын оронд ухаалаг, уян хатан хандах хэрэгтэй. Оюутнууд даалгаврын зорилгыг ойлгосноор AI-г аль хэсэгт ашиглаж, аль хэсгийг өөрсдөө хийхээ шийдэж чаддаг.
5) Эхэндээ бүтэлгүйтвэл дахин оролд — гэхдээ хязгаартай.
Оюутнууд AI-г ашиглахад олон дахин оролдож, утгаа сайжруулах шаардлагатай болдог гэж хэлсэн. Заримдаа AI-тай ажиллах нь үр дүн муутай, өөрөө хийвэл илүү хурдан амжуулах тохиолдол ч байдаг гэдгийг дурьдсан. Нэг оюутан “Хэрэв 6 цаг өнгөрчихөөд байхад ажил чинь дуусаагүй байвал, зогсоо” гэж зөвлөсөн.