Сурагчид сурахаас халшрах мэдрэмжийг мэдэрч байна. Та юу хийж чадах вэ?
04/22/2025Судлаачид сурагчдын сурахаас халшрах мэдрэмжийг бууруулах аргуудыг илрүүлэхээр судалгаа хийсэн байна.

Сургууль нь өсвөр насныханд дарамттай орчин байх ёсгүй. Гэхдээ тайланд өсвөр үеийнхний сургуулийн орчинд тулгарч буй дарамт шахалт, энэ нь тэдний боловсрол болон сэтгэлзүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг, мөн эцэг эх болон насанд хүрэгчид энэхүү дарамтыг хэрхэн өгч, эсвэл бууруулдаг тухай судалсан байна.
Судалгаанд 13–17 насны 1,545 өсвөр насны хүүхэд оролцсон бөгөөд тэдний мэдэрдэг дарамт, тэрхүү дарамтад насанд хүрэгчид хэрхэн эерэг сөргөөр нөлөөлдгийг судалсан.
Өсвөр насныхны нүүр тулдаг 6 төрлийн дарамт:
Судалгаанд оролцсон өсвөр насныхны ихэнх нь (81%) судлаачдын тодорхойлсон зургаан төрлийн аль нэгэнд нь сөрөг дарамт мэдэрдэг гэж хариулжээ. Түүнчлэн, тал хувиас илүү нь (52%) доорх төрлүүдээс гурваас дээш дарамтыг нэгэн зэрэг мэдэрдэг гэжээ:
- Ирээдүйн төлөвлөгөө: Америкийн өсвөр насныхны 56% нь ирээдүйнхээ замыг тодорхой болгох (их сургууль, ажил мэргэжил, харилцаа гэх мэт) дарамтыг мэдэрдэг.
- Амжилт: 53% нь онцгой, төгс байх ёстой гэсэн дарамтад ордог (жишээлбэл: онц сурлагатнуудын анги, онц дүн авах, сайн ажил хийх гэх мэт).
- Гадаад төрх: 51% нь хамгийн хөөрхөн харагдах ёстой гэх (жишээ нь: трэнд дагах, гоё бие галбиртай байх гэх мэт) дарамтыг мэдэрдэг.
- Нийгмийн идэвхи: 44% нь идэвхтэй олон нийтийн үйл ажиллагаанд оролцож нийгмийн амьдралтай байх (жишээ нь: найз нөхөдтэйгээ уулзах, олон нийтийн арга хэмжээнд оролцох гэх мэт) дарамтыг мэдэрдэг.
- Найз нөхөрлөл: 41% нь найзууддаа үргэлж цаг гаргах, тэднийг дэмжих (жишээ нь: мессеж, сошиал медиагаар хурдан хариу өгөх гэх мэт) дарамтыг мэдэрдэг.
- Иргэний идэвх: 32% нь нийгэм, дэлхий ертөнцөд сайн үйлс хийж, олон асуудлын талаар мэдлэгтэй байх (жишээ нь: сайн дурын ажил, хандив өгөх, мэдээ мэдээллийг дагаж байх гэх мэт) дарамтыг мэдэрдэг.
Өөртөө анхаарах нь чухал ч, олонх нь орхигдуулж байна
Өсвөр үеийнхэн өөртөө анхаарах нэгэн арга болгон тоглоом тоглохыг дурдсан байна. Судалгаанд дурдсанаар өөртөө анхаарал хандуулдаг өсвөр насныхны хувьд халшрах мэдрэмж харьцангуй бага байсан ч, оролцогчдын дийлэнх нь тогтмол өөртөө анхаарал тавьдаггүй гэж хариулжээ.
Судалгааны дүнгээс харахад өсвөр насныхны дунд анхан шатны өөртөө анхаарах дадлууд дутмаг байгааг онцолжээ:
- Судалгаанд оролцсон өсвөр насныхны 45 хувь нь өнгөрсөн долоо хоногийн турш шөнөдөө долоон цаг ч унтаж чадаагүй.
- 60 хувь нь Америкийн Хүүхдийн Эмнэлзүйн Академийн өдөр бүр 1 цаг дасгал хийх зөвлөмжийг биелүүлээгүй.
- Таван сурагч тутмын 1 нь сүүлийн долоо хоногт хэн нэгэнтэй гүн гүнзгий, чин сэтгэлийн яриа өрнүүлээгүй.
- Зургаан сурагч тутмын 1 нь байгальд гарч, гадаа цаг өнгөрүүлээгүй байна.
Насанд хүрэгчид хэрхэн дэмжлэг үзүүлж чадах вэ?
Судалгаанд оролцсон таван сурагч тутмын нэг нь амьдралдаа халшрах мэдрэмж мэдрээгүй гэж хариулсан бөгөөд эдгээр хүүхдүүдийн амьдралын хэв маягаас дараах үр дүнтэй дадал зуршлуудыг судлаачид онцолсон байна. Үүнд:
- Сайн унтаж амрах
- Байгальд болон гадаа цаг өнгөрүүлэх
- Илүү уян хатан, чөлөөтэй хуваарьтай байх
- Төлөвлөсөн үйл ажиллагааг хэт олноор давхцуулалгүй, зав чөлөө гаргах
- Интернет, ялангуяа цахим хэрэглээг хязгаарлах
Өсвөр насныхан насанд хүрэгчид тэдэнд хэрхэн илүү үр дүнтэй тусалж болох талаар дараах санаануудыг дурьдсан байна:
- Сурагчдад ачааллаа хэрхэн зөв хуваарилахад дэмжлэг үзүүлэх
- Сурагчдын хичээл зүтгэлийг үнэлэх
- Сурагчдид мэдрэмжээ хуваалцаж нээлттэй ярилцах, зөвлөх
- Сурагчдын сонирхол, хобби болон жаргалтай мөчүүдийг нь хамтдаа хуваалцах
- Сурагчдын цахим ертөнцийн сонирхлын талаар ярилцах нь тэдэнд тус дэмтэй санагддаг гэжээ.
https://www.gse.harvard.edu/ideas/usable-knowledge/24/11/students-are-feeling-burned-out-heres-how-you-can-help