"Хүүхдүүд хов живийг хэрхэн хүлээж авдаг болон энэ нь бидэнд юуг заадаг вэ"

03/18/2025

Судлаачид хүүхдүүд хэрхэн томчуудын хэлж буй хов живийг хүлээн авч, ойлгодгийг судлах зорилго тавьсан.

Хүүхдүүд бусадтай харилцах замаар гадаад орчныг хэрхэн ойлгодог нь сэтгэл судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг сэдэв юм. Хүүхдүүд ажиглалт хийж, бусад хүмүүсийн үйлдэл, яриаг дагаж мэдээлэл цуглуулдаг бөгөөд энэ нь тэдэнд нийгмийн ур чадвар, ёс зүйн дүрмийг эзэмшүүлдэг. Гэсэн хэдий ч, хүүхдүүд томчуудын ярианд анхаарлаа хандуулах үед тэд зөвхөн эерэг мэдээлэл төдийгүй "хов жив" гэж нэрлэгддэг сөрөг мэдээллийг ч хүлээн авдаг.

Харвардын Их Сургуулийн Профессор Пол Харрисийн тайлбарласнаар, хүүхдүүд томчуудын яриаг сонсохдоо "хэн хэнтэй болзож байгаа", "хэнийг ажлаас чөлөөлсөн", "хэний хүүхэд сургуульд сайн байна" гэх мэт өдөр тутмын чөлөөт ярианд өртдөг. Энэ нь хүүхдүүдэд нийгмийн харилцаа, хүмүүсийн хоорондын динамикийг ойлгоход тусалдаг ч, заримдаа тэдний зөн совинд нийцэхгүй мэдээллийг ч хүлээн авч, төөрөгдөл үүсгэдэг.

Британийн Хөгжлийн Сэтгэл Судлалын Сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар хов жив болон бусад нийгмийн мэдээлэл хүүхдийн өсөлт, хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой ойлголтуудыг гаргажээ. Энэхүү судалгаагаар хүүхдүүд зөвхөн ажиглалтаар төдийгүй, томчуудын яриаг сонсох замаар нийгмийн дүрэм, хэв маяг, ёс суртахууныг суралцдаг нь тогтоогдсон. Гэхдээ энэ процесс нь үргэлж эерэг байдаггүй. Хов жив, сөрөг яриа нь хүүхдийн сэтгэл зүйд хүндрэл учруулж, нийгмийн харилцааны талаарх ойлголтыг гажуудуулах боломжтой.

Өмнөх судалгаанд хүүхдүүд хов живэнд итгэх эсвэл эргэлзэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг судалсан бол, энэхүү шинэ судалгаа нь илүү гүнзгийрүүлсэн арга барилыг ашиглан хүүхдүүдийн хов живэнд хандах хандлагыг илүү нарийвчлан судалсан байна. Энэ судалгааг Пол Харрис болон БНХАУ-д байрладаг гурван судлаачийн баг хамтран хийсэн бөгөөд тэд хүүхдүүд томчуудын хов жив үнэн эсэхийг зөн совингоороо хэрхэн мэдэхийг оролддог, мөн нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулсан байна.

Судлаачид эдгээр асуултуудад хариулт олох нь хүүхдүүд хов живийг хэрхэн хүлээн авч, боловсруулдагийг, мөн тэдний шүүмжлэх сэтгэлгээний ур чадварыг хэрхэн хөгжүүлдэгийг илүү сайн ойлгоход тусална гэж үзжээ. Энэхүү судалгаа нь хүүхдийн хөгжил, нийгмийн харилцааны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Судалгааны арга барил:

Судлаачид асуултуудад хариулт олохын тулд Хятадын зүүн хэсэгт орших Жэжян мужийн нэг цэцэрлэгээс 64 хүүхдийг оролцуулсан. Тэд хүүхдүүдийн анхаарлыг татах, мөн тэдний хандлагыг илүү сайн ойлгохын тулд хоёр алдартай анимейшн телевизийн хөтөлбөр болох PAW Patrol болон Super Wings-ийг ашигласан. Эдгээр хөтөлбөрүүд нь хүүхдүүдэд танил, сонирхолтой байхын зэрэгцээ судалгааны үр дүнг илүү найдвартай болгоно гэж үзжээ.

5 болон 6 настай хүүхдүүдийг хоёр өөр бүлэгт санамсаргүйгээр хуваарилж, тэднийг тус тусад нь телевизийн хөтөлбөр үзэхэд урьжээ. Нэг бүлгийн хүүхдүүдийн дуртай дүрийнх нь тухай хов живийг сонсгосон бол, нөгөө бүлгийн хүүхдүүдийн дургүй дүрийнх нь тухай хов живийг сонсгосон байна.

Өрөөнд байсан том хүн хүүхдүүдэд нэвтрүүлгийн өмнөх ангитай холбогдолтой гэж хэлэн дуртай болон дургүй дүрүүдийнх нь тухай хов живийг хэлэн зурагт дээр өмнөх ангийг хэрхэн ухрааж үзэх аргыг зааж өгөн ангиас гарсан байна. Дараагаар нь хүүхдүүдийг ухрааж үзэн хов живийг шалгах эсэхийг нууц камераар ажигласан байна.

Гол ололт:

  • 6 настай хүүхдүүд 5 настай хүүхдүүдээс хов живийн үнэн эсэхийг шалгах нь илүү өндөр байсан.
  • Хүүхдүүд хов живэнд итгээгүй бол үнэн эсэхийг шалгах хандлагатай байв.
  • Аль аль насны бүлэг нь өөрсдийн дуртай дүрүүдийнхээ талаар сонссон хов живийг сөрөг байдлаар хүлээн авч, үнэн эсэхийг шалгах нь эерэг хов живийг шалгахаас илүү байсан.
  • Хүүхдүүд дургүй дүрүүдийнхээ талаар сонссон сөрөг болон эерэг хов живийг үнэн эсэхийг шалгах оролдлого хийхэд хоорондоо тийм ч их ялгаагүй байсан.

Гүнзгийрүүлэх нь 

Харрис хов живийн судалгааны үр дүнг болон түүний өргөн хүрээний ач холбогдлыг дараах байдлаар авч үзжээ:

Таны судалгаанд оролцсон хүүхдүүд хов живийн үнэн эсэхийг шалгах оролдлого хийх нь яагаад чухал байсан вэ? 

Практик талаас нь авч үзвэл, хов жив ихэнхдээ худлаа байх талтай учраас энэ нь чухал юм. Гэхдээ илүү өргөн хүрээний асуулт бол хүүхдүүд зөн совингоороо амархан итгэдэг бөгөөд судалж, шинжилдэггүй — тэдний шалгах чадварын хөгжил муу байдаг. Эдгээр үр дүн нь бага зэрэг урам зоригтой байдаг, учир нь хүүхдүүд мэдээлэлд хувь нэмэр оруулах, хувийн ашиг сонирхол байх үед, жишээлбэл, тэд тухайн хүн эсвэл энэ дүрд маш их дуртай байдаг тул тухайн хүн эсвэл дүрийн дүр төрхийг зөрчсөн ямар нэг зүйл сонсвол тэд гарч, үүнийг шалгадаг.

Энэхүү судалгааны үр дүн нь өмнөх судалгаатай хэрхэн холбоотой вэ? 

Бид маш олон удаа хүүхдүүдэд ямар нэгэн зүйл үнэн биш болохыг хэлж байсан судалгааг хийсэн. Жишээ нь, бид хүүхдүүдэд Орос хүүхдийн тоглоомуудыг өгөх ба "Аль нь хамгийн хүнд гэж бодож байна вэ?" гэж асууна. 4 эсвэл 5 настай хүүхдүүд "Тэр нь" гэж хэлээд хамгийн томыг зааж өгнө. Дараа нь  "Үнэндээ тэр нь биш, хамгийн жижиг нь хүнд шүү" гэж хэлж болно. Дараа нь энэ мэдээллийг өгсөн том хүн өрөөнөөс гарах ба хүүхэд нь уг мэдээллийг сонссоноороо, энэ нь түүний зөн совинд тохирохгүй тул (тэд том байх тусмаа хүнд гэж боддог) хүүхдийг нууц камер ашиглан ажиглаж болно. 4 эсвэл 5 настай хүүхэд байвал тэд нэг эсвэл хоёр тоглоомыг авч үзэх боловч ямар нэгэн оновчтой үйлдэл хийхгүй. Харин 6 болон 7 настай хүүхдүүдэд илүү оновчтой үйлдлүүдийг хийж буйг ажиглаж болно. Жишээлбэл тэд хамгийн том тоглоомыг нэг талд нь, хамгийн жижгийг нөгөө талд нь аваад зэрэгцүүлэн өргөж, хүндийг нь тодорхойлохыг оролддог. 

Таны судалгаанаас хамгийн чухал дүгнэлт юу вэ?
Судалгааны хамгийн сонирхолтой зүйл нь, эцэг эх болон багш нар 5-6 насны хүүхдүүд хов жив ярих үед “Энэ яг үнэн гэдэгт итгэлтэй байна уу? Чамд хэлсэн хүнээсээ хаанаас энэ мэдээллийг авсныг асуувал ямар вэ?” гэх төрлийн хариулт асуух нь хүүхдүүд багаасаа аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандан үнэн эсэхийг шалгадаг занд сургах юм. Ингэснээр тэд ирээдүйд ямар нэгэн мэдээлэл сонсох бүртээ эргэлзээгүйгээр үнэн эсэхийг шалгах дадалтай болох боломжтой. 

Эцэг эх, багш нар хүүхдүүдэд энэ төрлийн шүүмжлэлт сэтгэлгээг уриалж болох уу?
Энэ бол ярвигтай асуудал юм. Нэг талаас, хүүхдүүд бидний адил олон салбарт бусдын өгсөн мэдээлэлд хандаж сурах ёстой. Жишээ нь, шинжлэх ухаан эсвэл түүхийн талаарх олон асуудал байдаг, хүүхдүүд "Би энэ мэдээллийг шалгаад үзье" гэж хэлж чадахгүй. Иргэний дайн, эсвэл хөгжлийн тухай ярьж байхад 6 настай хүүхэд үүнийг өөрсдөө судалж чадахгүй. Түүхийн зарим асуулт, жишээлбэл Дарвины онолыг шалгах нь хүүхдүүдийн хувьд боломжгүй зүйл. Нөгөө талаас, хүүхдүүд бусдаас суралцаж сурах нь зайлшгүй шаардлагатай чадваруудын нэг. Гэвч энэ нь тэднийг хуурамч мэдээлэлд өртөх магадлалтай болгодог. Мэдээжийн хэрэг, томчууд ч өртөхгүй гэсэн баталгаа байхгүй. Хүүхдүүдийг анхааралтай сонсох, мэдээллийг авах болон шүүмжлэх сэтгэлгээ нь хөгжих хооронд энэ тэнцвэрийг хэрхэн барих нь төвөгтэй асуудал юм.

Ирээдүйн судалгаа
Судлаачид өмнөх судалгаанд оролцсон хүүхдүүд нэг үндэстнийй хүүхдүүд байсан учир цаашид авах судалгаануудад соёлын нөлөө нь хүүхдийн зан үйлд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг анхаарах нь чухал гэж үзсэн. Мөн хүүхэлдэйн киноны дүрүүдээс илүү судалгаанд бодит хүмүүсийг оролцуулах талаар хэлэлцсэн байна. Харин Харрис нь бодит амьдралтай холбогдсон сэдвээр судалгаа авахад тулгарах асуудлуудыг хөндсөн ба сэдвүүд нь ямар нэгэн сэтгэл зүйн хохирол болон аюулгүй байх ёстойг дурьджээ.

“Мэдээж судалгааг илүү бодит амьдралтай холбохыг хүсч байгаа ч энэ нь практик болон ёс зүйн талаасаа ярвигтай асуудал юм. Бид бага насны хүүхдүүдийг тусгаарлан тэдэнд дотно найзынх нь талаар сөрөг мэдээлэл хэлэх нь зөв үйлдэл үү? Тиймээс энэ нь эргэлзээтэй.”