Сурагчдын стрессийн ард орших шинжлэх ухаан
08/18/2025Шинэ судалгаагаар өсөх сэтгэлгээ нь оюутнуудад хичээлийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулахад хэрхэн тусалдаг болохыг харуулжээ.

Шинэ судалгаагаар сурагчид хичээлийн амжилтгүй байдал, жишээлбэл муу дүн авах үед тэдний биед "стрессийн даавар" хэмээн нэрлэгддэг кортизолын хэмжээ огцом өсдөг болохыг тогтоожээ. Сурагчдын ихэнх нь 1 хоногийн дараа хэвийн түвшинд эргэн ордог бол заримынх нь кортизол өндөр хэвээр үлддэг байна. Ийм сурагчид хичээлийн амжилтгүй байдалдаа хэт төвлөрч, цааш урагшлахад хүндрэлтэй байдаг ажээ.
Судлаачид Техасын хоёр ахлах сургуулийн сурагчдын стрессийн түвшинг ахлах сургуульд шилжих үе буюу хамгийн стресстэй үед нь шинжилжээ. Сурагчид өдөр бүр ямар хэмжээний стресс мэдэрч байгаагаа илэрхийлсэн асуулгад оролцож, мөн өдөр бүр шүлсний дээж өгч кортизолын хэмжээг тодорхойлсон байна.
Судалгаанд оролцсон сурагчдын дийлэнх буюу 68 хувь нь хичээлийн эхний улиралд дүнгийн уналттай тулгарч, улмаар стресс мэдэрсэн байна. Гэсэн хэдий ч тэдний стрессийг даван туулж буй үр дүнгээс 2 бүлэгт хуваагдсан байна. Өсөх сэтгэлгээтэй буюу оюуны чадварыг хөгжүүлж болдог гэж боддог сурагчид бэрхшээлүүдийг түр зуурын зүйл хэмээн хүлээн авч, кортизолын түвшин нийт дүнгээрээ бага байхаас гадна, стрессийн дараа хурдан буурдаг байсан. Харин оюуны чадварыг төрөлхийн, тогтмол гэж үздэг сурагчдын кортизол удаан хугацаанд өндөр хэвээр байж, энэ нь асуудлыг шийдэх чадвар болон оюуны уян хатан байдалд сөргөөр нөлөөлдөг гэж судлаачид хэлжээ. Судлаачид өсөх сэтгэлгээтэй сурагчид стрессийг даван туулахын тулд багш, найз нөхөд, эцэг эхтэйгээ илүү үр дүнтэй суралцах аргуудын талаар ярилцах зэрэг тусламжийн эх үүсвэрийг эрэлхийлэх хандлагатай байдаг хэмээн таамаглажээ.
Стресс үргэлж муу зүйл биш. Кортизол нь цусан дахь сахарын түвшин, бодисын солилцоо, ой санамжийг түр хугацаанд нэмэгдүүлж, бие болон оюуны чадварыг сайжруулдаг. Энэхүү эерэг стрессийг “эйстресс” гэж нэрлэдэг ба энэ нь сурагчдыг зорилгодоо хүрэхэд урам зориг өгч, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлдэг. Жишээ нь, удахгүй болох шалгалтаас үүдэлтэй стресс нь сурах хэрэгтэйг сануулж, сурагчдад бэлтгэлийн ач холбогдлыг ойлгуулах үүрэгтэй.
Гэвч стресс архаг хэлбэрт шилжих үед кортизолын өндөр түвшин нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлааны системийг дарангуйлж улмаар урт хугацааны хор хөнөөл учруулж болзошгүй. Хүүхдийн насанд стресстэй тэмцэх мэдрэлийн хэлхээний хөгжил уян хатан байдаг тул архаг стресс нь тархины бүтэц, үйл ажиллагааг өөрчилж, аюулын үед хэт хариу үзүүлэх эсвэл удаан тайвшрах зуршилтай болгодог. Үүнээс шалтгаалан хэт их стресс нь тархины хэвийн хөгжлийг алдагдуулж, насанд хүрсэн хойно ч өвчлөлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар 2014 оны Харвардын судалгаанд дурдсан байна.
Тэгвэл сургуулиуд юуг хийж чадах вэ? “Олон хүний хувьд ахлах сургуульд шилжих үе нь стресстэй, бараг төгсгөлгүй мэт санагдах марафон шиг байдаг,” хэмээн судлаачид бичжээ. Тиймээс тэдний зүгээс өсөх сэтгэлгээг төлөвшүүлэхийн зэрэгцээ сурагчдад тулгарч буй хичээл болон сэтгэлзүйн дарамтад илүү анхаарч, энэ шилжилтийн жилүүдэд илүү их туслалцаа үзүүлэхийг зөвлөж байна.
https://www.edutopia.org/article/science-behind-student-stress