"Суралцахуйн шинжлэх ухаанд тулгуурласан аргачлал"
08/11/2025Сургалтыг суралцахуйн шинжлэх ухаантай уялдуулснаар багш нар сурагчид хичээлээ илүү үр дүнтэй ойлгож, тогтоон хадгалахад нь тусалж чадна.
Суралцахуйн шинжлэх ухаанд суурилсан заах арга барил
Ихэнх багш нар сурагчдаасаа асуулт асуусныхаа дараа тэдний хоосон харцыг харж байсан нь лавтай. “Бид үүнийг өчигдөр л давтсан биз дээ!” хэмээн багш гайхаж, хичээлийн агуулгыг сурагчид маш хурдан мартсанд бухимддаг. Юу нь ойлгогдохгүй байна вэ?
Энэ асуудлын нэг хэсэг нь сургалт суралцахуйн шинжлэх ухаанд бүрэн тулгуурлаагүйтэй холбоотой. Үүний улмаас даалгавар болон анги доторх харилцаа нь сурагчдад шаардлагатай мэдээллийг тогтоох үр дүнтэй аргууд болж чаддаггүй. Интернетэд стандарт хангасан эсвэл “хөгжилтэй” үйл ажиллагаатай олон төрлийн хичээлийн загварууд байсаар байхад багш нар хайлгүйгээр зүгээр л татаж аваад ашиглахын оронд, суралцахуйн шинжлэх ухаантай нийцтэй, үр өгөөжтэй байхаар тэдгээрийг сонгон авч өөрчилж боловсруулах хэрэгтэй.
Харвардын Боловсролын Төгсөгчдийн Сургуулийн (HGSE) боловсролын зөвлөх Жим Хийл нь багш нарт суралцахуйн шинжлэх ухааны судалгаанаас гарсан онолуудыг өдөр тутмынхаа дадалд хэрэгжүүлэх ур чадвар, мэдлэгийг олгохоор Deans for Impact байгууллагатай хамтран ажиллаж байна.
“Бид зөвхөн гүнзгий бодож тунгаасан зүйлээ л ой санамждаа хадгалж чаддаг гэдгийг мэддэг,” хэмээн Хийл хэлэв. “Гэсэн хэдий ч заах үйл явцад ‘танин мэдэхүйн ангал’ үүссэн байж болзошгүй. Энэ нь багш нар сурагчид анхаарлаа хандуулж, гүн гүнзгий бодож байна гэж боддог ойлголт болон үнэн хэрэгтээ тэд яг тухайн хичээл дээр юуг анхаарч, юуг бодож байгаа хоёрын хоорондын зөрүү юм.”
Багш нар “туршилт судлаач” болох хэрэгтэй
``Хийл``-ийн хэлснээр, багш нар сурагчид хэрхэн суралцдагийг ойлгосноор асуух асуулт болон төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй. Учир нь сурагчид зөвхөн гүнзгий анхаарч, бодож байгаа зүйлсээ л урт хугацааны ой санамждаа хадгалж чаддаг тул багш нар дараах үр дүнтэй дадлуудыг төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй:
1. Санах ёстой агуулгын талаарх сонголт:
Хичээлийн хөтөлбөр болон улсын стандартаар хамрах ёстой агуулга тодорхойлогддог ч, багш нар сурагчдад яг юуг танилцуулах, хэрхэн хүргэх, юуг санаж үлдэхийг тодорхойлох боломжтой.
Бодит зөвлөмж: Хичээлийн агуулгыг боловсруулахдаа “Сурагчид юуг үнэхээр тогтоож үлдэх ёстой вэ?” гэж асуугаарай. Хөтөлбөр болон стандарт хоорондын уялдаа холбоог ойлгож, дараах асуултуудыг өөртөө тавь:
- Эдгээр стандартыг хангахад сурагчид юуг мэдэж, юуг чаддаг байх ёстой вэ?
- Энэ даалгавар эсвэл бүлэг хичээлийг амжилттай биелүүлэхийн тулд тэд юуг мэдэж, юуг чаддаг байх ёстой вэ?
- Эдгээр хоёрын хоорондын давхцал ямар байна вэ?
2. Сурагчдын анхаарлыг чиглүүлэх:
Анхаарал бол хязгаартай нөөц. Хичээлийн “гоё чимэглэл” л сурагчдыг татаж байвал тэд тэр хэсэгт л анхаарлаа төвлөрүүлнэ, түүнийг л санаж үлдэнэ.
Бодит зөвлөмж: Сурагчид юуг сурч, юуг анхаарах ёстойг тодорхойлсны дараа, тэдгээрийг хэрхэн төвд байлгах талаар төлөвлө. “Сурагчид яг юунд анхаарч, юуны талаар бодож байгаа вэ?” гэж өөрөөсөө асуугаарай. Хичээлийн төлөвлөгөөг боловсруулахдаа дахин эргэцүүлж хараарай:
- Сурагчид үнэхээр хичээлийн агуулгад татагдаж байна уу, эсвэл анхаарлыг анхаарлыг нь ямар нэгэн зүйл татаж байна уу?
3. Сурагчдын оролцоог хангах:
Сурагчид тухайн агуулгатай илүү удаан хугацаанд, гүн гүнзгий ажиллах тусам түүнийг ирээдүйд хэрэглэх боломж нь илүү болдог.
Бодит зөвлөмж: Сурагчдын анхаарлыг зөв чиглүүлсэн эсэхийг шалгасны дараа, дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай:
- Энэ ажлыг хийх явцад сурагчдаас ямар түвшний бодол, оролцоо нэхэгдэж байна вэ?
- Энэ ажил тэдний өмнөх мэдлэг дээр тулгуурлан хөгжих боломжийг өгч байна уу?
- Сурагчдыг гүнзгий сэтгэхэд багшийн тавьсан асуултууд ямар үүрэгтэй вэ?
Жишээлбэл, үгийн үе тоолох эсвэл текстээс хариу олох гэх мэт асуултууд нь гүн сэтгэх шаардлагагүй. Харин тухайн үг, ойлголтын утга эсвэл холбоо хамаарлыг асуух нь илүү гүнзгий ойлголтыг шаарддаг.